Би ингэж үерхэхийг хүсдэг

1:42 PM

Би дунд сургуульд байх даа хэн нэгэнтэй үерхдэггүй охин байсан. Ганц удаа хөтлөлцөж үзсэн байх. Оюутан болоод бас л үерхэж амжаагүй. Хүүхэд насны үерхэл байхгүй болоод ч тэр үү би бусдаас их бишүүрхдэг. Эмэгтэй найзынхаа хацрыг хааяа ганц үнэрлэхэд л сэтгэл минь хөөрөөд явчихдаг. Тэнгэрээс од шүүрэхтэй адил мэт санагддаг болохоор хүмүүстэй дотносоход цаг хугацаа их шаардагддаг. Юу хийж яваад өдий нас хүрчихсэн гэдгээ хааяа ойлгодоггүй юм. Хэзээ над дээр ирэх нь мэдэгдэхгүй нэгнийг ирнэ гэх итгэлээ өвөртлөөд хорин хэдэн жил амьдарчихсан байх юм.
"Нэг л өдөр тэр минь тэнгэрээс борооны тунгалаг дусал шиг буугаад ирэх юм шиг
Нэг л өдөр тэр минь газраас анхилам цэцэг шиг ургаад гараад ирэх юм шиг
Нэг л өдөр Эйнштейнээс ч илүү ухаалаг , Моцартаас ч илүү мэдрэмжтэй , Далигаас ч илүү этгээд тэр минь хаа нэгтэйгээс гарч ирээд ,
Нэг л өдөр надад дурлаж , намайг хайрлаж , хэнээс ч илүү намайг ойлгох болно" гэж итгэж хүлээгээд хорин хэдэн настай бүсгүй хүн болсноо ч мэдсэнгүй. Үеийн эмэгтэйчүүд маань хүнтэй сууж , хүүхэд төрүүлж , гэр бүлтэй болж байхад би "анхны хайр" гэж юу болохыг ч мэдэхгүй алхаж явдаг. Намайг шохоорхох хүмүүст "Би хэн нэгнийг хүлээж байгаа" гэж хэлдэг. Хэзээ мөдгүй тэр минь гэнэт гараад ирэх юм шиг л догдлон хүлээдэг.
Тийм ээ , би хүүхэн болчихсоноо ч анзаарахгүй жаахан охин шиг үерхэхийг хүсдэг. Яадаг юм. Өмнө нь ямар үзсэн биш. Гэхдээ би бусдад ингэж хэлж чадахгүй учраас л бичиж суудаг. Учир нь энэ тийм баярлаад , бахархаад яриад байх сэдэв биш шүү дээ.
Гаранд минь хүрэхэд би догдолдог шиг
Түүнд ч бас тийм мэдрэмж төрөөсэй гэж хүсдэг
Тэврэлтэнд би сандардаг шиг
Түүнд ч бас тийм мэдрэмж мэдрэгдээсэй гэж хүсдэг
Зүгээр л хацар үнэрлэхэд миний сэтгэл хөдөлдөг шиг
Түүнд ч бас тийм сэтгэл хөөрөл байгаасай гэж хүсдэг.
Тэгээд намайг юм бүхэнд бэлэн болохыг тэвчээртэй хүлээж чадах тийм л хүнтэй хамт баймаар байна.
Тэгээд хамгийн сүүлд харсан хайрлагдах хүн нь би баймаар байна.
Буурал болсон ч хөтөлцөөд , бие биенээ гэх тийм л сайхан хайрыг хүсэж байна.
Чи намайг дэндүү юм үзээгүй , эрх танхил , маягласан , буруу амьдралтай гэж бодож байна уу?
Энэ бол дэндүү гэнэн тэнэг охины амьдрал.
Хэзээд ч над шиг битгий амьдраарай.
Заримдаа ундуйцмаар ч санагдах үе байна шүү.

You Might Also Like

0 comments

Popular Posts

Like us on Facebook

Flickr Images