Юрий Иванович Пименов
(1903-1977)
Юрий Иванович Пимелов бол уран бүтээлчийн хувьд азтай нэгэн байв. Анх харахад жирийн гэмээр үзэгдлээр гүн гүнзгий агуулгыг илэрхийлэхийг чармайдаг , уран сайхны гол үзэл баримтлалаа "Жирийн зүйлийн жирийн бус байдлыг дүрслэн гаргах" , "Дэлхий ертөнц бид тэр бүр ажиглан олж хардаггүй яруу найраг , гоо сайхнаар элбэг баян , өдөр тутмын амьдралын сайн сайхан , энгийн зүйлийн тансаг мөн чанарыг харуулах" гэж томъёолж байв. Түүний бүх бүтээл амьдралын баяр баясгалан , хийморь золбоогоор бялхаж байдаг. "Дурлал мэндлэв" , "Сүйт бүсгүй" , "Шинэ хороолол" , "Маргаашийн гудамжинд болох хурим" , "Шинэ Москва" гэх зургуудын нэр болон бүтээлүүдийн бүх дүрүүдийн нас залуу байгаагаас үзэхэд л шинэ бүхнийг сонирхдог нь илэрнэ.
Энэ бол ердийн сонирхол шохоорхол биш амьдралыг байнгын хөдөлгөөн , шинэчлэлийн үйл явц гэж үздэгийн илэрхийлэл юм. Түүний уран бүтээлийн арга барил 20-р зууны 1930-аад оны дунд үед тууштай өвөрмөц тогтолцоо болон төлөвшсөнийг , ахуйн сэдвийг хотын байгальтай хослуулсан "Шинэ Москва" зураг бэлхнээ нотолно. Энэ зурагт ахуйн сэдэв байгалийн уянгалаг зохиомжоор далдлагдах шиг сэтгэгдэл төрнө.
Түүний уран зургийн зохиомжууд маш өвөрмөц , зурганд үзэгчдийн анхаарлыг татах ямар ч үйл явдал байхгүй. Тухайлбал "Шинэ Москва" зурагт нийслэл хотын машин , явган зорчигч дүүрэн Свердловын талбайг дүрсэлсэн байна. Энэ зургийн нүүрэн талд жолоо барьсан залуу эмэгтэй , хөнгөн тэрэгний суудал , урд шил л байна. Гэвч уг зурагт тус хотын унаган оршин суугчийн эх орнийхоо өөдрөг үйлсээр бахархах сэтгэгдэл уншигдана.
Зургийн зохиомжийг үзэгчид зам руу гэнэт ортол баярын гоёлоо зүүсэн хотын дүр төрх нүдний өмнө тодорч байгаагаар хийсэн бөгөөд хамгийн гол өгүүлэмж "Шинэ Москва" юм. Зураая маань зочломтгой гэрийн эзэн шиг үзэгчдийн өмнө төрлөх хотоо дэлгэн үзүүлж , үзэгчид Москва хотын хэзээ ч давтагдашгүй гоо сайхныг бахархан сонирхоно. Хаврын бороонд угаагдаж цэмцийсэн өргөн гудамж , зөрөлдөх машинуудын урсгал , баяр ёслолын байдлаар чимгэлсэн байшингууд , ажил хэргээр яаран алхах Москвачууд ...
Баруун талд нь Их театрийн өргөн чөлөө , Зөвлөлүүдийн ордон , Сайд нарын зөвлөлийн ордон , зүүн талд "Москва" зочид буудал байна. Зурагт дүрслэгдэх бүх зүйл бодитой учир хүн бүр хараад шууд таних байх.
Үзэгчдийг зураач маань хотын урсгалд шууд татан оролцуулж бид ч тэрхүү урсгалд нийлж болж буй бүх үйл явдалд оролцож байх шиг санагдана. Жолоо барьсан бүсгүй шиг үзэгч хөдөлгөөнд оролцож бүхээгний урд цонхны дээд талд байгаа толинд ард хоцрох зам , бүхээгний цонхоор урд улам өргөсөх гудамжийг харна.
Ю.И.Пименов бусад олон зургийн адил энэ зурагтаа орон зайн босоо дүрслэлийг өргөн дэлгэцтэй холбож зурагт байгаа зүйл бүр нь бүх зүйлстэй зэрэгцэн оргиж байгаагаар гаргажээ.
Ялангуяа дүрслэл бүрийг онцгой цэгээс харуулсан болохоор хөдөлгөөн үйлдэж байгаа шинж гайхлтай бодитой юм шиг санагдана. Алсад байгаа зүйлс сүүмэлзэн харагдаж байхад нүүрэн талын өчүүхэн жижиг зүйлс ч тод харагдаж байгаа нь хөдөлгөөн үйлдэж байгаа сэтгэгдлийг улам лавшруулна.
Хотын байгалийн үзэсгэлэн төгс байдал , шаргалдуу , алтархаг, цэнхэр туяа , жолооч бүсгүйн улаан шаргал үс , зуны нимгэн цайвар даашинз нь энэ зургийн уянгалаг шинж чанарыг илтгэнэ.
Энэ зургийг харахад сэтгэл өөрийн эрхгүй баяр хөөрөөр дүүрнэ. Амьдралынхаа туршид төрөлх хот түүний оршин суугчдыг ийнхүү бахдам сайхнаар магтан дуулсан зураач ховор билээ.
Эмили