Зарим зүйлсийг хэтэрхий гүнзгий хүлээн авч , хэтэрхий гүн төсөөлж , дэндүү хүчтэй мэдэрдэг. Хэт "мэдрэг" гэх оношийн тухай бага зэрэг ойлголт өгье. Мэдээж энэ бол ямар нэгэн супер хүч чадал биш. Би аалзанд хатгуулаагүй, ямар нэг солир ирж намайг мөргөөгүй. Бас энэ хүүхэд насны ямар нэг сэтгэлийн шарх , зүрх өвтгөм дурсамжаас болж үүсээгүй. Би толгойгоо цохиогүй, осолд ороогүй. Ер нь яагаачгүй. Зүгээр л мэдэрдэг. Гэхдээ анзаарахгүй байж сурч байгаа. Бусдаас өөр болж анзаарагдах нь муу хэрэг...
Би ээжийнхээ хайрыг шаргал өнгө цацруулсан нарны гэрлээс тод, дулаан гэдгийг мэдэрдэг. Харамсалтай нь энэ хананууд дунд надад хайр мэдрэгдэхгүй юм. Гэхдээ би хэзээ нэгэн цагт "өөр" хайрыг мэдрэх болов уу? Би олж чадах болов уу? Ямар эрчим хүч ялгаруулдаг , яаж мэдрэгддэг бол? Би бусадтай дасан зохицож чадна гэж үү?...
Би гайхалтай зүйлсийг харсан бас мэдэрсэн. Үнэндээ би хэнээс ч илүүтэйгээр амьд гэдгээ мэдэрч байсан. Би дуу хөгжим ямар амттайг , ямар хэлбэр дүрстэйг , өнгө бүхэн ямар үнэртэйг , үг болгон амнаас гарахдаа ямар харагддагийг үзсэн. Нүд минь өмнө нь хэний ч харж байгаагүй сонин хэлбэр дүрсийг харж , арьсанд минь халуун хүйтэн нэгэн зэрэг мэдрэгдэж байлаа. Би галзуу биш! Үгүй ээ! Би галзуу биш. Зүгээр л миний бодит байдал хүмүүсийнхээс өөр! Хүмүүс "өөр" бүхнээс айдаг хулчгар! Би галзуу биш. Зүгээр л өөр.