Нийгэмшээгүй ертөнц
8:30 PM
Нийгэмшээгүй хүн гэдгийг чи юу гэж ойлгодог вэ? Ямар хүмүүсийг ингэж бодох бодлыг ч бас өөрт чинь үлдээсэн нь дээр байх.
Хаана ч , хэзээд ч цөөнгүй ийм хүмүүс байсаар л байдаг. Ихэвчлэн бусдаас тусгаарлагдаж амьдардаг. Ганцаараа зугаалж , ганцаараа хооллож , бас л ганцаараа ихэнх цагийг өнгөрөөнө. Энэ байдал нэг их төвөгтэй бус харин ч илүү тав тухтай таатай байдаг ч тодорхой хугацааны дараа бусдаас хичнээн их тусгаарлагдсан буйг мэдрэх үе байна.
Яаж мэдэрдэг вэ гэж үү ?
Хүмүүстэй харьцахад , олон нийтийн арга хэмжээнд уригдахад баригдмал төвөгтэй , ойлгомжгүй , тохь тух алдагдана. Танихгүй дотно биш хүмүүсийн дунд яриа өрнүүлэх , олон нийтийн арга хэмжээнд очиход л бусдаас тусгаарлагдах хэмжээ хэр их буй нь мэдрэгддэг нь нуух юун.
Зарим үед энэ хаалгыг эвдэхийг хүсэх хүсэл ч төрөх үе байх... Мэдээж үүнд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ихэнх хүмүүс ойлгодоггүй.
Өнгөц харахад ганцаардмал нэгэн эсвэл биеэ тоосон их зантай мэт бусдад ажиглагдана. Гэх дээ тэд хэзээ ч ганцаарддаггүй. Хэрэв ганцаарддаг байсан бол хэн нэгнийг дэргэдээ байлгах байсан биз.
Тэдний хийж байгаа зүйлс , үйл хөдлөл , үг хэллэг нь ихэнх нийгэмшсэн гэх тодотголтой хүмүүст ойлгомжгүй төвөгтэй санагддаг байх. Үүнээс үүдээд үл ойлголцол гэх бүхэн бий болно. Бүр цаашилбал нийгэмшсэн , нийгэмшээгүй , ингэ , тэг , ийм бай , тийм бай гэж маргалдан , ам зөрөх нөхцөл байдалтай олонтой тулгарна. Би ингэж зааж сургахыг ер ойлгодоггүй. Ямар нэгэн үед шууд эхлээд хэл амаа билүүдэхийн оронд бага зэрэг хүлээцтэй байдалд суралцмаар...
Заавал нийгмийн цөөнхийг ойлгох гээд ч юм уу ямар нэг хүсээгүй зүйлийг нь хүчээр хийлгэх шаардлага үнэхээр байна уу?
Тэр чинь хүнийг амьдаар нь тамлан зовоохоос өөрцгүй гэж бодном.
Яагаад гэж үү?
Хэн хүчтэй нь биш
Хэн ухаантай нь биш
Хэн дасан зохицох чадвартай нь нийгэмд чөлөөтэй амьдарч чадах юм байна гэж бодож л байсан биз дээ.
Би энд аль нэг талыг нь хүчээр буруутгаж , зөвтгөх гэсэнгүй. Тэгэх нь ч илүүц биз. Бусдыг ч бас тийм байгаасай гэж хүсэх юм. Хүн бүхэн бүгдийг харж ойлгож л байдаг.
Алдсан ч бай оносон ч бай хүн өөрийнхөөрөө амьдрах шиг сайхан зүйл энэ хорвоод хаана байна.
Бүгд нэг замналаар амьдрах нь хүн бус адгууснаас долоондор болох мэт санагдахгүй байна гэж үү ?
Нийгэмшсэн ч бай нийгэмшээгүй ч бай сул болоод давуу талууд хүн бүхэнд байдаг шүү дээ ...
Эмили
0 comments